монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДОРНОГОВЬ АЙМАГ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг.Түүхэн товчоон

2001 он Замын-Үүд дэх төлөөлөл байгуулагдав

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор ХЗДХ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх төлөөлөл нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.


2008 он Дорноговь аймаг дахь алба болж өргөжив

“Төрийн захиргааны удирдлага, тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинчлэн батлах тухай”  Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол, Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжиж,  Дорноговь аймаг дахь  төлөөлөл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 27 тоот тушаалаар Дорноговь аймаг дахь алба болж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2009 оны 46 тоот тушаалаар Говьсүмбэр аймгийг харьяалан ажиллав.


2014 он ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь газар

Хилийн боомтын тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан тус газрын даргын  2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 тоот тушаалын дагуу Дорноговь аймаг дахь алба нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газар болон өргөжив.


2016 он ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газар  иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж,  хяналт тавин  ажиллаж байна

Монгол Улсын Хилийн тухай хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганаар шинэчлэн баталснаар Гадаадын иргэн, харьяатын газрын Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/24 тоот, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын   бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог шинэчлэн баталж ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газар болон шинэчлэгдэж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн,  хяналт тавин  ажиллаж байна.

 

Хоёр. Бүтэц, орон тоо

Хууль зүйн сайдын А/17, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/51 дугаар тушаалаар батлагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын Орон нутаг дахь нэгжийн зохион байгуулалт бүтэц, орон тоогоор нийт  28 албан хаагчийн орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар нийт 24 албан хаагчтай албаны үйл ажиллагааг зохион байгуулж байна.Үүнээс хүүхэд асрах чөлөөтэй – 1, Сургуулийн чөлөөтэй – 1 албан хаагчид байна.


Гурав. Үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа

Тус газар нь эдүгээ  Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох, иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж  байна.


ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтыг дэвшүүлэв. Энэхүү зорилтын хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн та дараахь үйлчилгээг авах боломжтой.


Виз, зөвшөөрлийн чиглэлээр

  • Гадаадын иргэнд Монгол Улсад зорчих хувийн урилга олгох
  • Гадаадын иргэнд Монгол Улсад нэвтрэх виз олгох, сунгах
  • Монгол Улсад цагаачлах, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, сунгах материалыг хүлээн  авч төв газарт шилжүүлэх
  • Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр гадаадын иргэний виз, бүртгэлийн талаар болон хасалт хийсэн тухай тодорхойлолт гаргах


Иргэний харьяаллын чиглэлээр

  • Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоох хүсэлт, баримт бичгийг хүлээн авч төв газарт шилжүүлэх
  • Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлаар зөвлөлгөө, мэдээлэл өгөх
  • Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгах талаар мэдээлэл өгөх


Хяналт, шалгалтын чиглэлээр

  • Харьяа нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдэд хяналт тавих
  • Гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авах, Монгол Улсаас албадан гаргах дүгнэлтийг төв газар хүргүүлж, шийдвэрлэх

 

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь Улаанбаатар хотоос 651 км, аймгийн төв Сайншанд хотоос 243 км, БНХАУ-ын Эрээн хотоос 6 км зайтай Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрладаг.

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүн, цагаачлалын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь нутаг дэвсгэрт  хяналт тавин ажиллаж байна.

 

Хяналт тавин ажиллаж буй нутаг дэвсгэр


  • Дорноговь аймаг
  • Говь сүмбэр аймаг


Тус газар нь олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто зам болон төмөр зам, хоёр талын байнгын ажиллагаатай “Ханги” хилийн боомт, Говьсүмбэр аймаг дахь газрын нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна.

 

Боомтуудын онцлогийн тухай

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу “Замын-Үүд” авто замын боомт нь өдөр бүр 08.00-18.00, “Замын-Үүд” төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажилладаг. “Ханги” боомт нь ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд тус тус үйл ажиллагаа явуулдаг.

 

Монгол орны үүд болсон Замын-Үүд сумын нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрч худалдаа, арилжаа цэцэглэн хөгжсөөр ирсэн  түүхтэй.

Монгол Улс 1956 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр анх удаа БНХАУ-тай ган замаар холбогдсон нь манай улсын гадаад харилцаанд нэгэн шат ахисан үйл явдал болжээ. Харин ”Монгол-Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд авто замын боомт нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.  Тус боомтоор Монгол Улсын хилээр нэвтэрч буй нийт зорчигчийн 40 орчим хувь, тээврийн хэрэгслийн 30 гаруй хувь нь хил нэвтэрдэг бөгөөд улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай ажилладаг боомтод тооцогддог. Харин Ханги боомт нь  2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж байна.