монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшин тогтоох шалгалтын дүнг тайлагналаа

Admin 2018/11/02 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчлал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтын Удирдамжийг байгууллагын даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталж нийт албан хаагчдад хүргүүлсэн ба шалгалтыг өнгөрөгч аравдугаар сарын 13, 24-ний өдөр онлайнаар зохион байгуулсан. Шалгалтад тус байгууллагын төв болон орон нутаг, хилийн боомтод ажиллаж буй төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдсан бөгөөд шалгалтын дүнг нэгтгэн, өнөөдөр албан хаагчдад танилцууллаа.

Шалгалтад төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 221 албан хаагч хамрагдсаны 82 хувь нь амжилттай дүн үзүүлж, мэдлэг, ур чадвараа дүгнүүлээд байна

45204892_331601517669094_1594316113955520512_n.jpg

Албан хаагчдаас батлагдсан удирдамжийн дагуу хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, албан бичиг төлөвлөх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг зэрэг төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгийн шалгалт авсан юм. Тухайлбал, албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэгийг тодорхойлох шалгалтын агуулгад Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгон ажиллах 20 орчим хууль, бусад холбогдох тогтоол, журмууд багтсан. Мөн бичгийн шалгалтыг албан бичиг төлөвлөх, тушаалын төсөл боловсруулах гэсэн үе шаттайгаар явуулж, бичгийн ур чадварыг тодорхойлсон бол тодорхой сэдвийн хүрээнд эссе бичүүлж, албан хаагчдын хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийн түвшин, найруулан бичих чадварыг шалгав.

Түүнчлэн шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн зарим албан хаагчдыг давтан сургалтад хамруулж, дахин шалгалт авах ажлыг зохион байгуулах юм. Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба ялангуяа албан хаагчдынхаа мэргэжил, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байна.