монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Захиргааны албан хаагчдын сургалт боллоо

Admin 2019/04/12 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын баримт бичигтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх зорилгоор захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон орон нутаг дахь газрын захиргааны албан хаагчид болон архив, бичиг хэрэг хариуцсан 30 гаруй албан хаагч хамрагдсан юм.

IMG_3235 (Large).JPG

Гадаадын иргэн, харьяатын газрын Дэд дарга Д.Түвшинтөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Захиргааны нэгж, захиргааны ажилтан гэдэг бол тухайн байгууллагынхаа өнгө төрхийг тодорхойлж байдаг. Аливаа байгууллагын боловсруулсан тушаал шийдвэрээс тэрхүү байгууллагын соёл харагддаг. Ийнхүү байгууллагын өнгө төрхийг тодорхойлж бусад байгууллагатай харилцаж, төлөвлөдөг, тайлагнаж танилцуулдаг байгууллагын уураг тархи болсон албан хаагчдыг давтан сургах, мэдлэг, ур чадварыг нь байнга дээшлүүлж чадавхижуулж байх ёстой юм. Тиймээс энэ удаагийн сургалтанд өндөр ач холбогдол өгч зохион байгуулж байна. Идэвхигүй сонсогч биш, идэвхитэй оролцогчийн байр суурьнаас хандсан, шийдэлтэй, үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэж байна.” хэмээн тодотгосон юм.

IMG_3299 (Large).JPG

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Архивын тухай хуулийн хэрэглээ болоод архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх чиглэлээр болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулав. Тухайлбал, Монголын илтгэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Азбаяр “Төрийн албан хаагчийн өрсөлдөх чадвар, хандлага” сэдвээр сонирхолтой лекц уншив.

IMG_3315 (Large).jpg

Түүнчлэн захиргааны албан хаагчид байгууллагын нэгдсэн архивт дадлага хийхийн зэрэгцээ Архивын ерөнхий газрын Төв архивтай танилцаж, сургалтад хамрагдсан юм.

IMG_3444 (Large).JPG

Сургалтад хамрагдаж буй Зүүн бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн С.Мөнхжаргалаас сургалтын үр дүн, онцлогийн талаар сонирхон асуухад “ Намайг С. Мөнхжаргал гэдэг. Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн. Энэ байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай байгууллага албан хаагчдаа сургах, мэргэшүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлд байнга анхаарч ажилладаг. Энэ удаад захиргааны албан хаагчдад зориулсан уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс сүүлийн үед шинэчлэн гаргасан тогтоол шийдвэрүүдтэй холбоотой мэдээлэл өгч, үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх талаар нэгдсэн ойлголттой боллоо. Түүнчлэн хамт олноороо алдаа дутагдлаа хэлэлцэж, цаашид ямар арга хэмжээ авах, хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал бодлоо хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо” гэсэн юм.

Захиргааны албан хаагчийн ажлын онцлог юу вэ? Орон нутагт ажиллахад хүндрэл, бэрхшээл гарч байна уу? гэсэн асуултад “Захиргааны ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнүүд байгууллагын бичиг албан хэрэг болоод дотоод зохион байгуулалтыг ханган ажилладаг болохоор тодорхой хэмжээний ачаалалтай ажилладаг. Түүнчлэн шинээр гарч буй дүрэм журмыг сайтар судалж, бусад албан хаагчдаа мэдээ, мэдээллээр хангаж байна. Төрийн албан хаагчид бол ард түмэндээ үйлчилнэ хэмээн тангараг өргөсөн хүмүүс. Тэр утгаараа бэрхшээл тоочихоосоо илүүтэй боломж бололцоондоо тулгуурлаж ажил үүргээ гүйцэтгэж байна.” гэж хариуллаа.

IMG_3643 (Large).JPG