|
Хэрэв та Монгол Улсад гадаадын иргэнийг хувийн хэргээр урих тохиолдолд дараахь материалыг бүрдүүлэн манай газарт хандана. 1. Уригдагч гадаадын иргэний гадаад паспортын хуулбар, байнга оршин суудаг хаягийг авсан байх. 2. Урилга хүсэгчийн бичиг баримт. /иргэний үнэмлэх, паспорт, оршин суух үнэмлэх/ 3. Уригдагчийн Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах боломжтой тухайгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин өсгөсөнтэй тэнцэх /540000 төгрөг/ хэмжээний банкны баталгаатай байх. Энэ нь урилга хүсэгчийн хадгаламж, банкны тодорхойлолт, дансны хуулга, цалингийн тодорхойлолт байж болно. Үүний дараа манай газарт өөрийн биеэр ирж урилга хүссэн анкет, уригдагчийг хугацаанд нь буцаах, хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар “баталгаа”-г бөглөнө. Урилгын хураамж ажлын 2 өдөрт 10000 төгрөг, яаралтай үйлчилгээ авах тохиолдолд нэмэлт хураамж /4-12 мянга хүртэл төгрөг/ төлнө. Зарим орны иргэдийг урих тохиолдолд шалгах хугацаа 30 хоног байна. /Яаралтай үйлчилгээ авах боломжгүй/ Олгосон урилгыг зөвхөн эх хувиар нь уригдагч гадаадын иргэнд хүргүүлнэ. Уригдагч гадаадын иргэн хилийн чанадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлгчийн газарт гадаад паспорт, урилгыг үзүүлэн виз авна. 30 хүртэл хоногийн орох-гарах визээр ирсэн гадаадын иргэн бүртгүүлэх шаардлагагүй. Визийн байх хугацаа нь Монгол Улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн тоологддог. Анхаарах зүйлс: • Уригч нь: 1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, 2. Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн, 3. Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн, 4. Монгол Улсад оршин суугаа цагаач гадаадын иргэн, 5. Монгол Улсад оршин суугаа харьяалалгүй хүн байна. • Урилга хүсэгч жилд гадаадын нэг иргэнийг урих, уригдагч гадаадын иргэн жилд нэг удаа уригдах эрхтэй. Уригдагч нь нэг гэр бүлийн гишүүдтэйгээ ирэх бол хэд хэдэн гишүүнийг хамт урьж болно. Харин нэг гэр бүлийн гишүүд болохыг нотлох бичиг баримт шаардлагатай. Жишээ нь: Гэрлэлтийн баталгаа, ургийн бичиг, төрсний гэрчилгээ гэх мэт. • Уригдагч нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлах ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно. • Уригч нь гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирсэн өдрөөс гарах өдөр хүртэл хариуцан батлан дааж Монгол Улсаас гаргана. |