МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ,

ЦАГААЧЛАХ ТУХАЙ

199З оны 12 дугаар сарын 24-ний өдөр                                                                                       Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах, эх орондоо буцаж ирэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ

1. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах

1. Төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусдыг гадаадад хувийн хэргээр зорчих гэнэ.
2. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар Монгол Улсаас гарч явахыг цагаачлах гэнэ.

4 дүгээр зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрх

1. Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах эрхтэй.
2. Гадаадад цагаачилсан Монгол Улсын иргэн хэдийд ч эх орондоо буцаж ирэх эрхтэй.

5 дугаар зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх

1. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:
1/ гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл;
2/ эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл;
З/ хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан цагаачлах хүсэлт гаргасан бол уг ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн өдрөөс хойш З жилийн дотор;
4/ гадаадад зорчих, цагаачлах нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага түүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл.
5/ хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан, эсхүл 2 буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр 2 жил хүртэл хугацаагаар. /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг хязгаарлахыг хориглоно.
З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.
4. Гадаад улсад байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, гоц халдварт өвчин, онц болон дайны байдал бий болсны улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учирч болзошгүй нөхцөл буй болсон бол Засгийн газар уг улсад зорчих, цагаачлах иргэдэд энэ тухай урьдчилан мэдээлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

6 дугаар зүйл. Гадаад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох

1. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна.
2. Визгүй зорчих гэрээ нөхцөл бүхий улсад Монгол Улсын иргэн өөрийн хүсэлтээр чөлөөтэй зорчиж болно.
З. Монгол Улсын иргэний гадаадад зорчих тухай бичгээр гаргасан хүсэлт, хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийг үндэслэн энгийн гадаад паспорт олгоно. /Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
4. /Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
5. Гадаадад цагаачлах иргэн Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албанд дараахь баримт бичиг гаргаж өгнө: /Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/ цагаачлах хүсэлт; /Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон болон өмчийн өр авлагагүй болохыг нотолсон тодорхойлолт;
3/ хөдөлмөр эрхлээгүй бол оршин суугаа нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт. /Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. Мөн энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.
4/ Тухайн орны цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөл. /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
6. Гадаадад цагаачлах иргэн шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийн аль нэгийг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албанд бүрдүүлж өгнө: /Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
1/ гадаадын байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар байгуулсан гэрээ;
2/ гэр бүл нь гадаадын иргэн бол энэ тухай баримт бичгийн нотариатаар гэрчилсэн хуулбар;
З/ гадаадад байнга оршин суудаг төрөл саднаас нь ирүүлсэн гэрчлэн нотлогдсон урилга. /Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7. Нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба гадаадад хувийн хэргээр зорчих иргэний үндэсний гадаад паспорт авах хүсэлтийг 1О хоног, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба цагаачлах хүсэлтийг 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд цагаачлах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 23, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон бөгөөд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
8. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд нийслэлд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба үндэслэл бүхий хариуг бичгээр өгнө. /Энэ хэсэгт 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон бөгөөд 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
9. Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон гомдлоо шүүхэд гаргана.
10. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гадаадад цагаачлан гарсан Монгол улсын иргэдийн тоо бүртгэлийг нэгтгэн хөтөлнө. /Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7 дугаар зүйл. Насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах

1. Насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.
2. Монгол Улсын 16-18 насны иргэн эцэг, эх, асран хамгаалагчийн хамт цагаачлах тохиолдолд түүний зөвшөөрлийг нь бичгээр авна.

8 дугаар зүйл. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад олгох баримт бичиг, үндэсний гадаад паспорт

1. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд үндэсний гадаад паспорт олгоно.
2. Насанд хүрээгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд дор дурдсан баримт бичгийн аль нэгийг олгоно:
1/ үндэсний гадаад паспорт;
2/ эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний гадаад паспортад зургийг нааж баталгаажуулах;
3/ эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх;
4/ гадаадын иргэнд үрчлэгдсэн хүүхдэд гадаадад зорчиход нь үндэсний гадаад паспорт;
5/ гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн хоёрын дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд Монгол Улсад ирсний дараа гадаадад зорчих бол иргэний бүртгэлийн байгууллагаас олгогдсон хүүхдийн гэрчилгээ, регистрийн /бүртгэлийн/ дугаарыг үндэслэн түүнд энэ хэсэгт заасан баримт бичгийн аль нэгийг олгоно /Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З. Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч мөн.
4. Монгол Улсын иргэн гадаадад байхдаа үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд түүнд үндэсний гадаад паспорт буюу Монгол Улсад буцах үнэмлэхийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар олгоно.
5. Монгол Улсын үндэсний гадаад паспортыг тус улсад аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба, гадаадад дипломат төлөөлөгчийн болон консулын газар олгоно. /Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн/.
6. Гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар үндэсний гадаад паспорт олгохдоо тухайн иргэний талаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс холбогдох лавлагаа авах ба олгосон гадаад паспортын талаар мэдээлэл ирүүлж байна. /Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
7. Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 6 байсныг 7 болгон өөрчилсөн/
8. Монгол Улсын үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхийн загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийн дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 7 байсныг 8 болгон өөрчилсөн/

9 дүгээр зүйл. Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэний эрх үүрэг

1. Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийнхөө ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй.
2. Монгол Улсын иргэн гадаадад цагаачлахдаа өөрт нь болон хамт цагаачлах гэр бүлийн гишүүдэд оногдох өмч, гадаад валютыг хууль тогтоомжийн дагуу авч гарах эрхтэй.
З. Гадаадад удаан хугацаагаар /6 сараас дээш/ болон цагаачлан суугаа иргэдийн өмчлөлийн болон өвлөх эрхтэй холбогдсон асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
4. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахтай холбогдсон аливаа зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй.
5. Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл дипломат төлөөлөгчийн болон консулын газарт бүртгэл хийлгэж болно.

10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2. Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн Монгол Улсын иргэнд консулын албан тушаалтан Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ