Гадаадын иргэн, харьяатын асуудал
эрхлэх газрын даргын 2011 оны
A/27 дугаар тушаалын хавсралт

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСААС ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн гаргана.

Хоёр. Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх

2.1. Дараахь үндэслэл бүрдсэн тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга нь эрх бүхий байгууллагын албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.

2.1.1. гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл;
2.1.2. шүүхээр ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл;
2.1.3. тухайн гадаадын иргэн өөрийнх нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, хүсэлт гаргасан бөгөөд эрх бүхий байгууллага үүнийг нь үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл;

2.2. Газрын дарга нь гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргахдаа уг гадаадын иргэний хууль ёсны баримт бичгэн дээрхи овог нэр, төрсөн, он, сар, өдөр, паспортын дугаар, тус улсаас гарахыг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл зэргийг дурдсан эрх бүхий байгууллагын албан бичгийг үндэслэн гаргана.
2.3. Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай тушаалд уг иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, паспортын дугаар, ямар шалтгааны учир гарахыг түдгэлзүүлсэн болохыг тодорхой дурдана. Гарахыг түдгэлзүүлэх тушаал нь хугацаагүйгээр гарна.
2.4. Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тушаал гарсан даруйд Газрын Албадан гаргах ажиллагаа хариуцсан ажилтан гарахыг түдгэлзүүлсэн иргэний талаарх мэдээллийг Газрын цахим мэдээллийн санд оруулж, Гадаад харилцааны яам, тус Газрын хилийн боомт, орон нутаг дахь салбар нэгжид 24 цагийн дотор мэдэгдэнэ.
2.5. Газрын Албадан гаргах ажиллагаа хариуцсан ажилтан нь Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байгууллагад энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шийдвэр гарсан талаар болон уг шийдвэрийг тухайн гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай үндэслэл бүхий санал ирүүлсэн болон тухайн гадаадын иргэнтэй холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр хуульд заасан байгууллагын шийдвэрийг үндэслэн цуцлах талаар албан бичгээр мэдэгдэнэ.
2.6. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан албан бичигт гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг цуцлах талаар тус Газарт мэдэгдээгүйгээс уг гадаадын иргэнд учирсан хохирлыг Газар хариуцахгүй талаар дурдсан байна. 2.7. Гарахыг түдгэлзүүлэх тухай Газрын даргын тушаал гарч, уг тушаалд заасан шалтгааны улмаас визийн хугацаагаа хэтрүүлсэн явдал нь гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл болохгүй.

Гурав. Гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох

3.1. Газрын дарга нь гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэр гарахад үндэслэл болсон нөхцөл байдал арилсан талаар эрх бүхий байгууллагаас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргана.
3.2. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шийдвэр гармагц Газрын Албадан гаргах ажиллагаа хариуцсан ажилтан нь уг иргэний мэдээллийг Газрын цахим мэдээллийн санд нэн даруй оруулж, шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор багтаан Гадаад харилцааны яам, Газрын хилийн боомт, орон нутаг дахь салбар нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулна.


---oOo---