Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2008 оны 378 дугаар тушаалын хавсралт
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБА ТҮҮНИЙ ОРОН НУТАГ ДАХЬ
САЛБАР НЭГЖИД ХАНДАЖ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Журмын зорилго:
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид “алба” гэх/ түүний орон нутаг дахь салбар нэгжид /цаашид “нэгж” гэх/ хандаж гаргасан хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч тоо бүртгэлд оруулан, хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхэд оршино.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Алба, нэгжид хандаж гаргасан хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч тоо бүртгэлд оруулан хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль бусад хууль тогтоомж, энэхүү журмыг дагаж мардөнө.
1.2. Өргөдөл, гомдолд дурьдсан байгууллага, хувь хүний нууцыг хадгална.
Хоёр. Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хяналт тавих
2.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Алба, нэгжид хандаж гаргасан өргөдөл гомдлыг амаар, бичгээр, цахим сүлжээгээр, зөвлөгөө мэдээллийн төвийн 1882 дугаарын утсаар тус тус хүлээн авна.
2.2. Албанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг бичиг хэргийн эрхлэгч, нэгжид хариуцсан ажилтан дараах байдлаар ангилан тоо бүртгэлд оруулан, бүртгэлийн дэвтэрт бичнэ.
2.2.1. Дээд шатны байгууллагаас Албанд шилжүүлсэн өргөдөл, гомдол;
2.2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Албанд хандаж гаргасан хүсэлт, өргөдөл, гомдол ;
2.2.3 Албан хаагчдаас Албанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол;
2.3. Зөвлөгөө мэдээллийн төвийн 1882 дугаарын утсаар гомдлын чанартай өгсөн мэдээллийг амаар ирүүлсэн гомдолд тооцон бүртгэн авч, Захиргааны удирдлагын хэлтсийн даргад танилцуулж холбогдох албан тушаалтанд шилжүүлнэ.
2.4. Бичиг хэргийн эрхлэгч өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэхдээ өргөдөл гаргагчийн нэр, оршин суух хаяг, холбоо барих утас бичигдсэн эсэхийг нягтлан, хяналтын карт хөтөлж Албаны удирдлагад танилцуулж, дээд газрын тогтоол шийдвэр, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэнд шилжүүлнэ.
2.5. Төвөөс шилжүүлсэн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг энэ журмын 2 дахь хэсгийн 2.4-д заасан зарчмын дагуу бүртгэнэ.
2.6. Дээд газрын тогтоол шийдвэр, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн бүртгэсэн өргөдөл, гомдлыг удирдлагын заалтын дагуу өдөрт нь багтаан холбогдох албан тушаалтанд шилжүүлж, хяналт тавина.
Гурав. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгөх
3.1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
3.2. Байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй өргөдөл, гомдлыг харьяалах байгууллагад 3 хоногийн дотор шилжүүлнэ.
3.3. Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардаж, холбогдох газраас лавлагаа, тодорхойлолт авах үйл ажиллагаа явуулж болно.
3.4. Өргөдөл, гомдлын хариуг шинж байдлаас нь шалтгаалж биечлэн амаар, бичгээр, харилцах утсаар өгч болно.
3.4.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллгын үйл ажиллагааг шалгахыг хүссэн, төрөл бүрийн лавлагаа мэдээ, мэдээлэл шаардсан өргөдлийг хариуг бичгээр өгнө
3.4.2. Өргөдлийн зорилго нь богино хугацаанд хангагдах боломжтой /хар тамга, торуулиас чөлөөлөх гэх мэт/, өргөдлийн хариуг амаар өгч болно.
3.4.3. 1882 дугаарын утсаар өгсөн мэдээллийг энэхүү журмын дагуу шийдвэрлэж, мэдээллийг шалгасан албан тушаалтан эзэнд нь хариу өгч, хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн тухайгаа мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэнд мэдэгдэнэ.
3.4.4. Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
3.5. Өргөдлийг шийдвэрлэсэн албан тушаалтан өргөдөл гаргагчид хариуг журмын дагуу өгч, өргөдлийн хяналтын картад шийдвэрлэсэн тэмдэглэгээ хийж, шалгасан тухай болон хариу өгсөн баримтуудыг хавсарган өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэнд шилжүүлнэ.
3.6. Дээд газрын тогтоол шийдвэр, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн шийдвэрлэсэн өргөдлийн бүрдлийг шалган хүлээн авч, хяналтаас хасч бичиг хэргийн эрхлэгчид хэрхэн шийдвэрлэснийг тухай бүр нь бүртгүүлэх бөгөөд оны эцэст архивлан Албаны архивт хүлээлгэн өгнө.
Дөрөв. Өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах
4.1. Өргөдөл, гомдлыг дор дурьдсан үндэслэл байвал хянан үзэхгүй байж болно.
4.1.1. Өргөдөл гомдол нь тодорхой нэр хаяггүй;
4.1.2. Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;
4.1.3. Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;
4.1.4. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.
Тав. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг тайлагнах
5.1. Нэгж, мэдээллийн төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээг сар бүрийн 20-ны өдөрт багтаан Дээд газрын тогтоол шийдвэр, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.
5.2 Дээд газрын тогтоол шийдвэр, өргөдөл гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн Алба, нэгж, мэдээллийн төвд ирүүлсэн өргөдөл гомдлыг сарын эцэст нэгтгэн Албаны мэдээлэлд оруулж, улирал, хагас, бүтэн жил дутамд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЪЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЙМГУУД ДАХЬ АЛБАНЫ ДАРГА НАРТ
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны салбар нэгжид хандаж Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг өргөдөл гомдол бүртгэх дэвтэрт бүртгэн авч, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Албаны даргын 2008 оны 378 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба түүний орон нутаг дахь салбар нэгжид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандаж гаргасан хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам”-ыг баримтлан шийдвэрлэхийг зөвлөж байна. Албанд ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээг сар бүрийн 20-ны дотор шаардуулахгүгээр, Газрын тогтоол шийдвэрийн биелэлт, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд ирүүлж нэгдсэн бүртгэлд оруулж байх шаардлагатай.. Өргөдөл гомдлын сарын мэдээ гаргах маягтыг хүргүүлж байна. Сарын мэдээг E-mail хаягаар ирүүлж болно.
Хэнд: Ахлах мэргэжилтэн Н.Энхцэцэг
И-мэйл хаяг: enkhtsetseg.n@immigration.gov.mn Холбоо барих утас: 9314-1012
|