Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны
даргын 2008 оны 154 дүгээр тушаалын хавсралт

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ
УРИЛГА ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхуү журмын зорилго нь Монгол Улсад гадаадын иргэнийг хувийн хэргээр урих Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга (цаашид "урилга" гэх) олгох үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Урилга нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу гадаадын иргэнд Монгол Улсын виз олгох үндэслэл болно.

Хоёр. Уригч, уригдагч, тэдний эрх үүрэг

2.1. Уригч гэж тус албанаас энэ журмын дагуу урилга авсан хүнийг, урилга хүсэгч гэж тус албанаас хүн урихаар материал бүрдүүлэгч хүнийг, уригдагч гэж уригчаас өөрт нь илгээсэн урилгыг хилийн чанадад байхдаа хүлээн авсан гадаадын иргэнийг ойлгоно.

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа эрх зүйн чадамж бүхий дор дурдсан этгээд уригч байх эрх эдэлнэ:

2.2.1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн,
2.2.2. Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн,
2.2.3. Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн,
2.2.4. Монгол Улсад байнга оршин суугч гадаадын иргэн,
2.2.5. Монгол Улсад оршин суугаа цагаач гадаадын иргэн.
2.2.6. Монгол Улсад оршин суугаа харьяалалгүй хүн.

2.3. Энэ журмын 2.2-д заасан урилга хүсэгч жилд гадаадын нэг иргэнийг урих эрх эдэлнэ. Энэ заалт нь нэг гэр бүлийн гишүүдийг урихад хамаарахгүй.

2.3.1. Урилга хүсэгч жилд нэг гэр бүлийн хэд хэдэн гишүүнийг хамт урьж болно.
2.3.2. Энэ нь урилга хүсэгчийн өөрийн эхнэр /нөхөр/, хүүхэд, эцэг эх, өвөө эмээ болон төрөл садангийн хүмүүст хамаарахгүй.

2.4. Уригч дараахь үүрэг хүлээнэ.

2.4.1. Уригч нь уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцахаас гадна орон байраар хангах, хууль тогтоомж, үндэсний ёс заншилыг хүндэтгэн сахиулах, визийн хугацаанд нь буцаах,
2.4.2. Уригдагчийн Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах,
2.4.3.Уригдагч Монгол Улсад зорчих 30 хүртэл хоногоос илүү хугацаагаар байх зайлшгүй шаардлага гарвал түүний визийн хугацаа дуусахаас өмнө Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд хандаж визийн нь хугацааг сунгуулж, бүртгүүлэх.

2.5. Уригдагч нь Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилгаар жилд нэг удаа Монгол улсад ирэх эрхтэй бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол ирэхдээ уригчаас түүнд илгээсэн урилгаар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас "Н" ангиллын зорчигчийн виз авч тус улсад ирнэ.

2.6. Уригдагч Монгол Улсад байх хугацаандаа дараахь үүрэг хүлээнэ.

2.6.1. Монгол Улсын хууль тогтоомж, нийгмийн хэв журам, үндэсний ёс заншлыг хүндэтгэн биелүүлэх,
2.6.2. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй, хөдөлмөр эрхлэхгүй байх,
2.6.3. Хуульд заасан бусад.

2.7. Дор дурьдсан гадаадын иргэн уригдагч байх эрх эдлэхгүй.

2.7.1. Олон улсын эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа,
2.7.2. Монгол Улсад байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, иргэд, аж ахуйн
нэгж, байгууллагад хохирол учруулсан, виз, бүртгэлийн болон оршин суух журам зөрчсөний улмаас захиргааны арга хэмжээ авагдаж байсан,
2.7.3. Монгол Улсаас албадан гаргагдаж байсан,
2.7.4. Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн
хэв журмыг хангах ашиг сонирхолд харшилж болзошгүй.

Гурав. Урилга олгох байгууллага

3.1. Урилгыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба (цаашид "алба" гэнэ), түүний орон нутаг дахь салбарын ахлах мэргэжилтэн олгоно.

3.1.1 Албаны төлөөлөл байхгүй аймгийн урилга хусэгчийн урилгыг зөвхөн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба олгоно.

Дөрөв. Урилга авах хүсэлт гаргах, түүнийг хүлээн авч шийдвэрлэх

4.1. Урилга хүсэгч нь энэ журмын 3-д заасан байгууллагад дараахь бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж хусэлтээ гаргана.

4.1.1. Иргэний үнэмлэх (Монгол Улсын иргэн), 4.1.2. Паспорт (гадаадын иргэн),
4.1.3. Оршин суух үнэмлэх (цагаач, байнга оршин суугч, харьяалалгүй хүн),
4.1.4. Уригдагчийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын хуулбар, байнга оршин суудаг хаяг,
4.1.5. Уригдагчийн Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах боломжтой тухайгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний банкны баталгаатай байх.
4.1.6. Уригдагчийг хугацаанд нь нутаг буцаах, хөдөлмөр эрхлүүлэхгүй байх талаар "баталгаа"-г бичүүлэн авч материалд хавсаргах.

4.2. Урилга хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан тус албаны мэргэжилтэн хүсэлт гаргагч уригч байх, гадаадын иргэн уригдагч байх эрхтэй эсэхийг тогтоох зорилгоор дараахь шалгалтыг ажлын 8 цагт багтаан хийж, хариуг урилга захиалагчид утсан харилцаагаар мэдэгдэнэ.

4.2.1. Урилга хүсэгч нь энэ журмын 2.3-д заасан уригч байх эрхтэй эсэх, тухайн жилд урилга авсан эсэхийг мэдээллийн сангаас шалгана.
4.2.2. Уригдах гадаадын иргэн тухайн жилд хувийн хэргээр уригдаж байсан, уригдагч байх эрхтэй эсэхийг мэдээллийн сангаас шалгана.
4.2.3. Урилга хүсэгч нь өмнө нь урьсан гадаадын иргэнээ цаг хугацаанд нь эх оронд нь буцааж байсан эсэхийг тодруулж шалгана.
4.2.4. Албаны орон нутаг дахь салбарын мэргэжилтэн нь урилга авах хүсэлт гаргагч уригч байх, гадаадын иргэн уригдагч байх эрхтэй эсэхийг өөрийн бүртгэлээс шалгахаас гадна Албаны Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсээс утсаар лавлагаа авч тогтооно.

4.3. Исламын шашинтай орнууд болон БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орон, Шинжаан уйгарын өөртөө засах орны иргэнд урилга олгохдоо Алба нь тагнуулын төв байгууллагаас, орон нутаг дахь ахлах мэргэжилтэн орон нутгийн тагнуулын байгууллагаас санал авсны үндсэн дээр 30 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.

4.4. Албаны мэргэжилтэн нь урилга хүсэгч 2.2-т заасан эрх зүйн чадамжгүй, 2.4-т заасан үүрэг хүлээх чадваргүй бол, уригдагчийн талаар 2.7-д заасан нөхцөл байдал илэрсэн болон 4.3-д заасан байгууллагаас татгалзах саналыг үндэслэн урилга олгохоос татгалзах бөгөөд үндэслэлийг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

4.5. Урилга хүсэгч нь уригч байх, гадаадын иргэн уригдагч байх эрхтэй нь тогтоогдвол урилга хүсэгчээр урилга захиалах мэдүүлгийн хуудас бөглүүлж, урилгын хураамжийг холбогдох дансанд тушаалгана.

4.6. Урилгад албаны даргаас эрх олгогдсон албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

Тав. Бусад асуудлын талаар

5.1. Урилга хүсэгчийн баримт бичгийн бүрдэл хангагдсан бол түүнийг хүлээн авсанд тооцох бөгөөд урилга үл олгох үндэслэл илрээгүй бол албаны мэргэжилтэн ажлын 2 хоногт багтаан урилгыг бичиж уригчид олгоно. Энэ заалт нь 4.3-д заасан гадаад орны иргэнийг урихад үл хамаарна.

5.2. Урилгад уригдагчийн овог, нэрийг уригчийн бөглөсөн мэдүүлгийн хуудас, уригдагчийн иргэний үнэмлэх, паспортын хуулбартай тулгаж латин үсгээр бичнэ.

5.3. Албаны Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэст гадаадын иргэнийг хувийн хэргээр урих урилга олгосон тухай мэдээллийн сан бүрдүүлнэ.

5.4. Орон нутаг дахь салбарын ахлах мэргэжилтэн олгосон урилгын бүртгэлийг хөтөлж, уригч, уригдагчийн тухай мэдээг cap бүрийн 5-ны дотор Албаны Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэст хүргүүлнэ.