Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Литва Улсын Цагаачлалын алба, Европын холбооны Төлөөлөгчийн газрын удирдлага болон Бүгд Найрамдах Литва Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдтай цахим уулзалт (2025. 04. 24) хийлээ.
Уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните, Бүгд Найрамдах Литва Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Рикардас Селпавишус, Бүгд Найрамдах Литва Улсын Дотоод хэргийн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Эвэлина Гузинскайте тэргүүтэй бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар хоёр улсын Цагаачлалын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, иргэдийн зорчих нөхцөл болоод гадаадын иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээний талаар танилцуулсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2021-2024 онд байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах асуудалд онцгой анхаарсны үр дүнд гадаадын иргэнд үзүүлж буй виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, өнгөрөгч онд 650 мянга гаруй иргэн цахимаар үйлчилгээ авсан. Цаашид цахим үйлчилгээг шинэчилж хөгжүүлэхийн зэрэгцээ технологийн дэвшилд суурилсан, цахим системээр бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн аюулгүй байдал, программ хангамжийг хөгжүүлэх ажлыг нэн тэргүүнд тавьж, тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг онцоллоо.
Уулзалтад оролцогчдын зүгээс Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цахимжилт, цахимжилтын үр дүнг өндрөөр үнэлж, Литва Улс болон Монгол Улсын хооронд хүн ам, газар зүйн байршил зэргээр ижил төстэй нөхцөл байдал болон сорилтууд тулгардагтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлсэн.
Уулзалтын үр дүнд Бүгд Найрамдах Литва Улсын Цагаачлалын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцан туршлага солилцох, судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.