Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч БНСУ-ын Next Intelligence Technology (NEXIN) компанийн захирал Ким Дэ Жун болон бусад холбогдох төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн олон улсын түвшинд амжилттай хэрэгжсэн, үр дүнтэй технологийн шийдлүүд, сайн туршлагын талаар хуваалцсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газар нь БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-тай хамтран байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны төв (MRTC)-тэй судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажилласан нь олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Цаашид гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай болгохын тулд мэдээллийн технологид суурилсан системийн шинэчлэл, хөгжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) ашиглах, олон түвшний кибер аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.