Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: https://www.immigration.go.kr/

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа. Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм.

Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна.

https://www.theguardian.com/

Лаос хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ

Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны 09 дүгээр сарын 01-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. Энэхүү систем нь хилийн хяналтыг шинэчлэх, аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдад зориулсан үйл ажиллагааг мэдээлэх зорилготой ажээ.

Лаосын эрх баригчдын мэдээлснээр гадаадын жуулчид ирэхээсээ гурав хоногийн өмнө Лаосын цахим цагаачлалын маягтыг бөглөх шаардлагатай болсон бөгөөд аялагчид өөрсдийн гадаад паспорт, визний хуулбар, цээж зураг зэргийг байршуулах ёстой аж. Бүртгүүлсний дараа систем нь QR код үүсгэх ба тус кодыг хилээр нэвтрэх болон гарахдаа хяналтын цэгүүдэд уншуулна.

Энэхүү цахим маягт нь жуулчдад шинэ туршлага болохын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээгээ цахимжуулах аяны нэг хэсэг болж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна.

            Ийнхүү БНЛАУ цахим маягтыг ашиглаж эхэлснээр Тайланд, Камбож гэх мэт бүс нутгийнхаа бусад орнуудтай ижил системд шилжлээ.

https://visasnews.com/

БНСУ-ын Төрийн бодлого төлөвлөлтийн хороо

Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцуулав

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооноос Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын 123 бодлогын зорилтыг энэ 08 дугаар сард танилцуулав. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын зорилттой холбогдуулан дараах зүйлсийг онцолжээ.

Үүнд:

  • Гадаад ажилчдад цогц дэмжлэг үзүүлэх, ажиллах зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх,
  • Гадаад ажилчдыг дэмжих төвийг сэргээн байгуулах,
  • E-9 визээс E-7 виз рүү шилжих шилжилтийг дэмжих,
  • БНСУ-д гэр бүлээрээ шилжин ирэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хүн ам сийрэгтэй орон нутагт тогтвортой суурьших нөхцөлийг бүрдүүлэх,
  • Гадаад ажилчдыг ажлын байраар хангаж буй ажил олгогчдод тавих хяналт шалгалтыг чангатгах,
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдүүлэх,
  • Хөдөлмөрийн үнэлгээг хэрэгжүүлэх,
  • Хөдөлмөр менежментийн харилцааг сайжруулах,
  • Хүнд нөхцөлд ажиллаж буй гадаад иргэдийг хамгаалах,
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зэрэг багтжээ.

БНСУ-ын Үндэсний төлөвлөлтийн хорооны Ажил эрхлэлт, хөдөлмөрийн салбарын судалгааны багийг ахалж буй Үндэсний Ассамблейн гишүүн И Юун Ү “Зөвхөн амьдрахын төлөө хөдөлмөрлөх бус, хөдөлмөрөө чин шударгаар үнэлүүлж, хөдөлмөр эрхэлдэг хүн аз жаргалтай байх нийгэм рүү урагшлах ёстой. Ерөнхийлөгч И Жэ Мёны Засгийн газрын хөдөлмөрийн бодлого нэг талыг барьж, зөвхөн ажил олгогчдод давуу байдал олгох бус, харин хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалсан, тэнцвэртэй байх болно” хэмээн онцоллоо.

https://www.yna.co.kr/

ХБНГУ  Европын Холбооны орогнолын тухай шинэчлэлийг хэрэгжүүлэхээр болов

 

ХБНГУ-ын Засгийн газар Европын Холбооны орогнолын тухай шинэчлэлийг хэрэгжүүлэх хуулийн төслүүдийг баталлаа. Харин хүний эрхийн байгууллагууд дүрвэгсэд, тэр дундаа хүүхдийн  эрхийг  хамгаалах шаардлагатай талаар анхааруулж байна.

Уг хуулийн шинэчилсэн  агуулгаас товч дурдвал, Европын Холбооны гадаад хилээр нэвтэрч буй бүх дүрвэгч заавал нэгэн жишгээр шалгуулах, өргөдлийг хил дээр шууд шийдвэрлэх буюу хил нэвтрүүлэх эсхүл албадан гаргах, хууль зүйн үндэслэл байгаа тохиолдолд баривчлах зэрэг өөрчлөлтүүдийг багтаажээ.

Харин зарим хүний эрхийн байгууллагуудаас уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбол, “Про Асил” ТББ дүрвэгчид, тэр дундаа хүүхэдтэй гэр бүлүүдийг хагас хаалттай орогнох байранд байрлуулж, бараг хорих ангитай адил нөхцөлд амьдрах эрсдэлтэй гэж анхааруулаад энэ нь стресс, сэтгэл гутрал үүсгэнэ гэж мэдэгджээ. “Эмнести Интернэшнл” үүнийг “Де-факто хорих шинэ хэлбэрийг бий болгож байна” хэмээн шүүмжилж, “хорих арга хэмжээ ямар ч тохиолдолд нийтлэг байдал болж болохгүй, тэр ч бүү хэл  хүсэлтийг нь түдгэлзүүлсэн цагаачдыг ч хорих ёсгүй” гэж мэдэгдэв.

https://www.infomigrants.net/