Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

 

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллага болон олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлын тойм

Япон Улс гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайдын албан тушаалыг

шинээр байгууллаа

Японы шинээр сонгогдсон барууны үзэлтэй Ерөнхий сайд Санаэ Такаичи гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайдын албан тушаалыг шинээр байгуулсан талаар Кёодо агентлаг мэдээлжээ. Барууны чиг баримжаатай улс төрч Кими Онодаг “гадаадын иргэдтэй эмх цэгцтэй, дэг журамтай хамтран амьдрах нийгмийг бүрдүүлэх” шинэ сайдын албан тушаалд томилсон байна.

Засгийн эрх баригч Либерал Ардчилсан Нам (LDP) болон Японы Инновацийн Нам (JIP) тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийн талаарх бодлогыг төвлөрсөн байдлаар удирдах зорилгоор хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу гадаадын иргэдийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх шинэ сайдын албан тушаалыг бий болгох шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Такаичи нь Хятад, Солонгосын хойг, Японы дайны үеийн түүхийн маргаантай асуудалд хатуу байр суурь баримталдаг “hawkish” буюу хатуу чиг шугамтай удирдагч юм. Японы Инновацийн Нам (JIP) өмнө нь Японд оршин суух гадаадын иргэдийн тоог нийт хүн амын 10%-иас хэтрэхгүй байхаар хязгаарлах санал гаргаж байсан билээ.

            Шинээр сайдын албан тушаалд томилогдсон Кими Онода нь анх удаа засгийн газарт сонгогдсон гишүүн бөгөөд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, Гадаадын иргэдийн асуудал эрхлэх сайд гэх 2 албан тушаалыг зэрэг хаших аж. Онода мэдэгдэлдээ холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, “Японы хууль, тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэдийн эсрэг хатуу арга хэмжээ авч, улсын цагаачлалын бодлогыг шинэчлэн батлах” зорилготой байгаагаа илэрхийлжээ.

Энэ оны долдугаар сард явагдсан Дээд танхимын сонгуулийн үеэр цагаачлалын асуудал улс төрийн гол сэдэв болж, тус улсад оршин сууж буй гадаадын иргэд нийгмийн даатгалын шимтгэл, эмнэлгийн зардал, газар худалдан авалт зэрэг төлбөрийн маргаантай асуудалд холбогдож байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна.

Японд оршин суугаа гадаадын иргэдийн тоо 2025 оны эхний хагаст 3.95 сая буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь 10 жилийн өмнөх (2.17 сая) үзүүлэлтээс даруй хоёр дахин өссөн байна. Хууль зүйн яамны мэдээлснээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Японы нийт хүн ам (япон болон гадаад иргэд нийлээд) 124.3 сая байсан бөгөөд гадаадын иргэдийн эзлэх хувь 2.96% байжээ.

Гадаадын иргэдийн өсөлт нь хөдөлмөрийн хомсдолыг нөхөх зорилгоор 2019 онд хэрэгжиж эхэлсэн “ур чадвартай, мэргэшсэн ажилчдын виз” хөтөлбөртэй холбоотой бөгөөд энэ төрлийн визтэй гадаадын иргэдийн тоо 2025 онд дахин дээд хэмжээндээ хүрсэн байна.

Эх сурвалж: https://www.japantimes.com/

Литва Улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ

Литвийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр тус улс Беларусийн талаас агаарын орон зайд байнга зөрчил үйлдэж байгаагийн улмаас хилээ хаасан байна. Энэ нь Европын орнууд агаарын орон зайгаа хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа үед тохиожээ.

Литвийн Ерөнхий сайд Инга Ругиниенегийн мэдээлэхдээ сүүлийн өдрүүдэд “хэдэн арван гелийн бөмбөлөг” Беларусийн талаас Литвийн агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тэрээр “Автократ дэглэм Европын Холбоо болон НАТО-гийн тэсвэр тэвчээрийг дахин сорьж байна. Энэ бол заналхийллийн нэг хэлбэр. Бид нэгдсэн, шийдэмгий хариу арга хэмжээ авах ёстой” гэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ругиниене “Манай зэвсэгт хүчин агаарын орон зайд халдсан бөмбөлгийг буудаж устгах гэх мэт бүх шаардлагатай арга хэмжээг авна. Энэ бол бид бэлэн байгаа, зөрчил гарвал хамгийн хатуу хариу өгнө гэсэн дохио юм” хэмээн мэдэгдсэн байна.

Литва хилээ хаасны дараа Беларусийн Гадаад хэргийн яам Литвид эсэргүүцлийн бичиг хүргүүлээд үүндээ “Энэ шийдвэр нь иргэдийн эрх болон чөлөөтэй зорчих эрхийг хангах зарчмыг зөрчиж байна. Беларусь улс хэлэлцээ, практик хамтын ажиллагааг дэмждэг” хэмээжээ. Энэ сарын эхээр хэдэн арван агаарын бөмбөлөг Литвийн агаарын орон зайд нэвтэрсэн бөгөөд заримыг нь хууль бус тамхи зөөвөрлөхөд ашигласан гэж албаныхан үзэж байгаа юм.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Литвийн агаарын орон зайд халдсан үйлдлүүдийг “холимог заналхийлэл”, “тогтворгүйжүүлэх оролдлого”, “аюулгүй байдлын сорилт” гэж тодорхойлоод “Европ Литвитэй бүрэн эв нэгдэлтэй байна. Бид эдгээр олон давтамжтай халдлагын эсрэг хамтдаа тэмцэх ёстой” гэж мэдэгджээ.

Сүүлийн саруудад дрон болон нисэх онгоцнууд НАТО-гийн агаарын орон зайг зөрчих тохиолдлууд олширсон тул Европ өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. НАТО үүнд хариу болгон “Eastern Sentry” нэртэй ажиллагааг эхлүүлж, Зүүн Европ дахь байлдааны оролцоогоо нэмэгдүүлсэн билээ. Өнгөрсөн сард Польш улс Оросын дронуудыг агаарт устгасан нь 2022 оны 02 дугаар сард Украинд дайн эхэлснээс хойш НАТО анх удаа буудсан тохиолдол болсон юм. НАТО Москвагийн үйлдлийг “маш аюултай” гэж буруутгасан бол Оросын тал “дронууд санаатай биш, Украйны цахилгаан саатлын улмаас замаасаа хазайсан” гэж хариу мэдэгджээ. Харин энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Оросын дронууд Румыны агаарын орон зайд халдахад Румын сөнөөгч онгоцоор хариу илгээсэн байна. НАТО мөн Оросын гурван МиГ-31 сөнөөгч онгоцыг Эстонийн агаарын орон зайг зөрчсөн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: https://www.edition.cnn.com/

Австрали Улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэллээ

Австрали улс гадаадын хоригдлуудыг Номхон далайн жижиг арал болох Науру руу шилжүүлж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна. Австралийн Дотоод хэргийн сайд Тони Берк Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ өнгөрөгч долоо хоногийн сүүлээр “эхний шилжүүлэг”-ийг хийсэн гэсэн ч яг хэдэн хүнийг Науру руу шилжүүлсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.

Австралийн Дээд шүүхээс гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас нутаг буцах боломжгүй, нийгэмд суллахаас өөр аргагүй болсон 358 орчим гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тодорхойгүй хугацаагаар тус улсын шоронд хорьж байсныг хууль бус хэмээн шийдвэр гаргасны дараагаар Австрали Улс Науру Улстай дээрх иргэдийг 30 жилийн хугацаатай шилжүүлэх хэлэлцээрийг байгуулсан билээ.

Австралийн засгийн газар тус ажиллагааны талаарх нарийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхээс татгалзаж байгаа бөгөөд дээрх хэлэлцээрийг дүрвэгсдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хүний эрхийн хуулийн төвийн төлөөлөгч Лаура Жон хэвлэл, мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “энэ ажиллагаа анхнаасаа нууц байсан” хэмээн шүүмжлээд “тухайн иргэн Австралид гэр бүлтэй эсэх, шаардлагатай эмнэлгийн тусламж Науруд байгаа эсэх, эсхүл тэдэнд визийн давж заалдах эрх байсан эсэхийг мэдэхгүй” гэж хэлсэн байна.

Науру Улс руу шилжүүлэх хоригдлуудын дийлэнх нь хүчирхийлэл, хар тамхины наймаа зэрэг онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан тул Австралийн визээ цуцлуулсан байна. Нэг талаас ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийг эх орон нь хүлээн авахаас татгалзах, нөгөө талаас олон нийт тэднийг нийгэмд сулласанд хүчтэй эсэргүүцэж байгаа тул Австралийн засгийн газар ихээхэн хүнд байдалд орсон байв.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Энтони Албанезийн засгийн газар Цагаачлалын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагааг идэвхжүүлж, Австралиас гуравдагч орнуудад төлбөр төлж гадаадын иргэдийг албадан гаргах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.

Энэ хүрээнд Австрали улс Науру улстай энэ оны эхээр гадаадын иргэдийг шилжүүлэх хэлэлцээрийг эцэслэн баталсан бөгөөд хэлэлцээрийн дагуу албадан гаргагдсан хүмүүс Науруд 30 жилийн виз авч, тус арлын 12,500 оршин суугчийн хамт ажиллаж, чөлөөтэй амьдрах боломжтой болох юм. Одоогийн байдлаар эхний шилжүүлэх ажиллагаагаар Австралиас Науруд 408 сая австрали долларын урьдчилсан төлбөр төлснөөс өөрөөр хэлэлцээрийн бусад нарийн мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Андрей Бабишийн сонгуулийн ялалт Европын Холбоонд болгоомжлол төрүүлж байна

Энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд явагдсан Бүгд Найрамдах Чех Улсын парламентийн сонгуульд барууны үзэлтэй популист Андрей Бабиш ялалт байгуулсан нь Чехийн шинэ засгийн газар Европын Холбооны хувьд “толгой өвтгөсөн хэрэг” болж хувирч магадгүй байна. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украйнд үзүүлэх тусламжийг багасгах, мөн Европын Холбоотой цагаачлал ба байгаль орчны бодлогын зөрчилдөөнтэй асуудлаар хэлэлцэх амлалтыг өгч байжээ.

Чехийн тэрбумтан, улс төрч бөгөөд олон нийтэд “Чехийн Дональд Трамп” хочоороо танигдсан Андрей Бабиш нь ANO (YES) намаас нэр дэвшиж нийт саналын 35 хувийг авч ялалт байгуулсан байна. Сонгуулийн үр дүнг зарласны дараа тэрээр “нэг намын цөөнхийн засгийн газар байгуулахыг зорьж байна” хэмээн мэдэгдээд парламентэд олонх болгохын тулд барууны хэт үзэлт SPD болон бусад хоёр жижиг намтай хэлэлцээ хийх төлөвтэй байгаагаа дурджээ.

Одоогоор Европын Холбоо энэ талаар байр сууриа илэрхийлээгүй ч зарим албаны хүмүүсийн үзэж байгаагаар Бабиш нь Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулах, Украйнд үзүүлэх тусламжийг зогсоох, Европын Холбооны дотоод хууль ёсны зарчмыг сөргөж ирсэн Словак болон Унгарын удирдагчидтай адилгүй аж.

Судалгааны байгууллага Globsec-ийн шинжээч Филип Нерад хэлэхдээ Бабишийн засгийн газар “Европын Холбооны 2050 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан болох зорилготой Ногоон гэрээ (Green Deal)”-г шүүмжилсэн, цагаачлалын шинэ пактыг (ирэх жил хүчин төгөлдөр болно) эсэргүүцэх хандлагатай байх болно гээд “Чех улс Европын Холбооны үндсэн бодлогоос тодорхой хэмжээнд хөндийрч, Унгар, Словак зэрэг улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх магадлалтай” гэж онцолжээ.

Чех улс өмнө нь Украйнд суурь хэрэгцээний сум, зэвсгийн нийлүүлэлтийг зохион байгуулах “санаачилга”-ыг удирдаж байсан ч Бабиш энэ санаачилгыг шүүмжилж, “уг санаачилга НАТО-гийн хүрээнд явагдаж болно” гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс ирэх жилүүдэд Чехийн цэргүүд Украйнд энхийг сахиулах ажиллагаанд оролцох эсвэл зэвсэг нийлүүлэх нь багасах магадлалтай. Мөн Чехийн удирдсан бусад Европын Холбооны төслүүд болон Оросын дипломат ажилтнуудын хөдөлгөөнийг хязгаарлах, Гүржийн засгийн газрын эсрэг Европын Холбооны хориг тавих, дэлхий даяарх Оросын “гибрид нөлөөллийн” эсрэг хоригийн шинэ тогтолцоо байгуулах, Косовогийн Европын Холбоонд элсэх өргөдлийг дэмжих зэрэг холбогдох ажиллагаа зогсох эрсдэлтэй шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: https://www.rferl.com/