Гадаадын иргэн, харьяатын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Зөвлөгөө мэдээллийн хэлтсийн дарга Ц.Солонго, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Өлзийсайхан болон бусад албаны төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны цахимжилт, виз болон оршин суух зөвшөөрөл олголттой холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, аяллын цахим виз авсан гадаадын иргэдийн тоо 2022 онд 7,798 байсан бол 2025 онд 84 мянгад хүрч, 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2024 оноос эхлэн тус газраас олгодог бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлснийг дурдав.
Үүнээс гадна бүх улсын хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой хиймэл оюунд суурилсан (AI) чатботыг 2025 онд зөвлөгөө мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлснээр гадаадын иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш шуурхай мэдээлэл авах нөхцөл бүрдсэнийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд салбарын мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, уян хатан, нягт хамтран ажиллахаар тохиролцов.