Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн сайдтай хийсэн уулзалтад оролцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сөүл хотноо Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн сайд Жон Сон Хутай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх оролцов. Уулзалтаар хоёр улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, визийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр талууд санал солилцлоо.

Мөн эрүүл мэндийн болон бүлгээр зорчих жуулчны визийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, сургалтын визийн зохицуулалтыг боловсронгуй болгох, улирлын чанартай ажиллах хүчний эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн уулзалтын үеэр хууль бусаар оршин суух, визийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх талаар онцолсон юм.

Хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Цагаачлалын байгууллага хооронд шууд харилцах “Immigration Dialogue” механизмыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнээс гадна хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр талууд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын иргэдийн зорчих урсгал жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган Монгол Улсын иргэн оршин сууж, жилд дунджаар 160 мянга орчим иргэн тус улсад зорчиж байна.

2025 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт гадаадын иргэдийн 20 орчим хувийг БНСУ-ын иргэд эзэлсэн бөгөөд тус улсын иргэдийн 90.7 хувь нь визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчсон байна.