Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Чой Жин Воныг өчигдөр /2026.06.16/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн харилцан зорчих нөхцөлтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын талаас санаачилсан хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэх, цагаачлалын байгууллагууд хоорондын шууд харилцааны “Immigration Dialogue” механизмыг бий болгох саналыг дэмжиж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдав.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хөрөнгө оруулагчдыг дэмжих, визийн ангилал өөрчлөх, хаягийн баталгаажуулалттай холбоотой зарим асуудлаар санал дэвшүүлсэн.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх уг саналтай холбогдуулан татвар, нийгмийн даатгалын төлөлт тогтвортой, бодит хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн цаашид холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулагдаж байгааг тэмдэглээд, иргэдийн дунд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хоёр талын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын иргэд харилцан таатай зорчих нөхцөлийг сайжруулахад талууд онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.