Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот, Замын-Үүд олон улсын боомтод энэ сарын 21-22-ны өдрүүдэд томилолтоор ажиллалаа.
Энэ хүрээнд хүрээнд БНХАУ-ын Эрээн хотын хил хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаа, виз олголтын үйлчилгээний зохион байгуулалт, хилийн боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.
Мөн Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын удирдлага болон хил хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ, программ хангамжийн ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Түүнчлэн үйл ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцсан юм. Уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарыг дэмжих, хил орчмын аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөжтэйгээр хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн хилийн боомт болон орон нутагт ажиллаж буй албан хаагчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл өгч, анхаарах зарим асуудлаар чиглэл өгөв. Мөн иргэн төвтэй, эрх зүйн чадамжтай төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцолсон юм.