Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллага болон олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлын тойм тойм мэдээллийг хүргэж байна.
Европын Холбооны “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай пакт” хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ
Европын Холбооны гишүүн улсуудын хууль бус цагаачлал болон орогнол хүсэгчидтэй харилцах харилцааг зохицуулсан шинэ хууль энэ сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай пакт”-аар гишүүн улс бүр ялгаатай зохицуулдаг байсан харилцааг нэг тогтолцоонд оруулсан юм.
“Аюулгүй байдалд заналхийлж болзошгүй”, эсхүл Европын Холбооноос “аюулгүй” гэж жагсаасан улс орноос ирсэн орогнол хүсэгчдийн орогнол хүсэх мэдүүлгийн шалгах хугацааг гурван сараар богиносгосон бөгөөд хүсэлтийг татгалзсан тохиолдолд нэг удаа давж заалдах боломж олгох аж.
Түүнчлэн орогнол хүсэгч гадаадын иргэний хүсэлт татгалзсан даруйд нутаг буцаах шийдвэрийг автоматаар гаргаж, тэдгээрийг сайн дураар болон албадан нутаг буцаах ажиллагааг хурдасгахаар заажээ. Эх оронд нь шууд буцаах боломжгүй хүсэлт нь татгалзсан орогнол хүсэгчдийг гуравдагч орнууд дахь “саатуулах байр”-аар дамжуулан буцаах тухай мөн дурдсан байна.
Орогнол хүсэгч нь Европын Холбоонд анх орж ирсэн улсдаа орогнох хүсэлтээ мэдүүлэх ёстой байдаг тул Грек, Итали зэрэг Европын Холбооны хил дагуу улсуудад ирж буй гадаадын иргэдийн урсгал харьцангуй өндөр байдаг. Харин шинэ хуулиар хил орчмын улсуудын ачааллыг жигд хуваарилах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Европын Холбооны бусад гишүүн улс орогнол хүсэгчдийн тодорхой хувийг хүлээн авах, эсвэл нөхөн төлбөрийн хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Мөн тухайн улс хоёрдогч шилжилт хөдөлгөөнөөр буюу гадаадын иргэн нэг улсад ирээд өөр улс руу шилжсэн тохиолдолд хүлээн авсан иргэдийнхээ тоогоор өөрт ногдох үүргээ бууруулах боломжтой.
Европын Комисс гишүүн улсууд пактын хэрэгжилтэд бэлэн биш байгаа тул хэрэгжүүлэх ажлыг 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шат дараатай үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.apnews.com
Австралийн Засгийн газар 2026-2027 оны шилжилт хөдөлгөөний хөтөлбөрийг баталлаа
Австралийн Засгийн газар 2026–2027 онд байнгын оршин суух зөвшөөрөл олгох гадаадын иргэний квотыг баталж өмнөх онтой адил 185,000 байхаар тогтсон байна. Жил бүрийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгждэг тус хөтөлбөрийн гол зорилго нь өндөр ур чадвартай гадаадын иргэдийг татах явдал юм.
Энэ жилийн хөтөлбөрийн нийт квот 185,000 бөгөөд дараах төрлөөр квотыг хуваарилсан байна. Үүнд:
|
Ангилал |
Квот |
|
Ур чадвартай гадаадын иргэн |
132,240 |
|
Гэр бүлийн зорилгоор |
52,460 |
|
Тусгай |
300 |
|
Нийт |
185,000 |
Нийт квотын 70 хувьд Австралид амьдарч, ажиллаж буй буюу “onshore” гадаадын иргэдээс хүсэлт авах бол үлдсэн хувьд нь хилийн гадна байгаа, урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжтой өндөр ур чадвартай иргэдийг багтаажээ.
Өмнөх онтой харьцуулахад квотод хэд хэдэн өөрчлөлт гарсны нэг нь “Employer Sponsored” буюу “Уригчтай хөдөлмөр эрхлэгч”-ийн визтэй иргэдэд олгох квотын тоо 2025 онтой харьцуулахад хамгийн их буюу 14,000-аар нэмэгдсэн байна. Харин бүс нутгийн ур чадвартай мэргэжилтэн буюу “Subclass 491”, “Subclass 494” визтэй иргэнд олгох квотын хувьд 14,110 болон буурсан нь өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 2 дахин багассан үзүүлэлт юм.
Байнгын оршин суух зөвшөөрөлтэй өндөр ур чадвартай нийт гадаадын иргэдийн 2/3-г оноонд суурилсан системээр сонгон шалгаруулдаг. Одоогийн байдлаар дараах таван ангиллын визтэй иргэдийг нас, англи хэлний түвшин, ажлын туршлага, боловсролын байдал зэрэг шалгуураар оноо өгөн үнэлж байгаа аж. Үүнд:
Эх сурвалж: www.migrationburo.com.au
Шинэ Зеландын ур чадвартай мэргэжилтний
визийн журамд өөрчлөлт орно
Шинэ Зеландын Засгийн газар ур чадвартай ажилтан, мэргэжилтнийг байнгын оршин суух эрхээр татах бодлогын хүрээнд “Ур чадвартай гадаадын иргэний визийн журам”-д 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тодорхой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү виз нь Шинэ Зеландын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, мэргэжил, ажлын туршлагатай гадаадын иргэдэд тус улсад хугацаагүйгээр оршин суух, ажиллах, суралцах эрх олгох зорилготой байнгын оршин суух виз юм. Өргөдөл гаргагч нь уг визээр оршин суух эрх хүсэхдээ өөрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч болон 24 хүртэлх насны хүүхдийг хамт мэдүүлэх боломжтой.
Одоогийн зохицуулалтаар тус визээр өргөдөл гаргах этгээд нь ур чадварын 6 оноо авах шаардлагатай. Уг оноог мэргэжил, боловсролын зэрэг, орлогын түвшин, мөн Шинэ Зеландад ажилласан ажлын туршлага зэрэг шалгуураар тооцдог. Өргөдөл гаргагч нь 55 ба түүнээс доош настай байх, Шинэ Зеландад магадлан итгэмжлэгдсэн ажил олгогчийн дор ур чадвар шаардсан салбарт ажил эрхэлж байгаа эсхүл ийм ажлын саналтай байх, эрүүл мэнд, зан төлөв, англи хэлний шаардлагыг хангах зэрэг нийтлэг нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй.
Шинэ журмын нэг чухал зохицуулалт нь цалингийн босгыг тооцох аргачлалтай холбоотой. Одоогийн зохицуулалтаар өргөдөл гаргагч нь ажлын туршлага хуримтлуулах үедээ нэг цалингийн босго, харин визийн хүсэлт гаргах үедээ тухайн үед хүчин төгөлдөр байгаа өөр буюу өндөр босгыг хангах шаардлагатай байсан бол шинээр хэрэгжих журмын дагуу өргөдөл гаргагч ур чадвар шаардсан салбарт ажлын туршлага хуримтлуулж эхэлсэн үед хүчинтэй байсан цалингийн босгыг хангахаар тусгажээ. Ингэснээр өргөдөл гаргах хүртэлх хугацаанд цалингийн дундаж түвшин нэмэгдсэн ч өмнөх ажлын туршлагыг хүчинтэйд тооцох юм.
Мөн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс цалингийн босго нэмэгдэхтэй холбоотойгоор шилжилтийн зохицуулалт үйлчилнэ. Энэ нь ажлын виз олгогдсон өдрөөс тухайн ажил эхлэх хүртэлх хугацаанд шаардлагатай цалингийн хэмжээ нэмэгдсэн тохиолдолд өргөдөл гаргагчид өмнөх цалингийн босгыг ашиглах боломж олгох зохицуулалт юм. Уг хөнгөлөлт нь ажлын виз олгогдсоноос хойш 5 сарын дотор ажиллаж эхэлсэн, виз олгох үед тухайн ажил шаардлагатай цалингийн түвшинг хангаж байсан, мөн тухайн ажлын туршлага зөвшөөрөгдөх хугацааны хүрээнд үргэлжилсэн нөхцөлд хамаарна.
Түүнээс гадна хэд хэдэн чухал өөрчлөлт орсныг дурдвал, Шинэ Зеландад эзэмшсэн зарим боловсролын зэрэгт илүү давуу оноо олгох, гадаадад эзэмшсэн бакалаврын болон магистр, докторын зэрэгт өмнөхөөс илүү оноо тооцох зэрэг Шинэ Зеландын боловсролын тогтолцоонд суралцсан, эсхүл тус улсын хөдөлмөрийн зах зээлд бодитоор ажиллаж буй гадаадын иргэдэд давуу боломж олгох бодлогын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан байна.
Шинэ Зеландын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зарим мэргэжлийн бүртгэлтэй өргөдөл гаргагчийн англи хэлний шалгалтын дүнгийн хүчинтэй хугацааг 2 жилээс 5 жил болгон сунгах, олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийг оноонд суурилсан замаар 6 оноо авах боломжтой мэргэжлийн бүртгэлд хамруулах зэрэг нэмэлт зохицуулалт хийгдэхээр төлөвлөж байна.
Харин өргөдөл гаргагч нь холбогдох ажлын туршлагаа хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тодорхойлолт, цалин хөлсний баримт, татвар болон нийгмийн даатгалын холбогдох нотлох баримтаар баталгаажуулах шаардлагатай болсноор хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг ажлын туршлагад тооцохгүй байх зохицуулалт шинээр оржээ.
Эх сурвалж: www.immigration.govt.nz