Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллага болон олон улсын харилцаанд өрнөж буй үйл явдлын тойм тойм мэдээллийг хүргэж байна.
АНУ-ын суралцах визийн журамд өөрчлөлт орлоо
АНУ-ын Засгийн газраас цагаачлалын тогтолцоог өөрчлөх өргөн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогынхоо хүрээнд гадаад оюутан, солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудын визийн журамд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн байна. Хэрэв шүүхээр хориг тавихгүй бол энэхүү шинэ журам 09 дүгээр 15-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Шинэ журмын хүрээнд гадаад оюутан (F виз), солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн (J виз), олон улсын хэвлэл мэдээллийн ажилтан (I виз)-ийн хувьд АНУ-д байх хугацааг хязгаарласан байна. Тухайлбал, өмнө нь эдгээр ангиллын визтэй хүмүүс тухайн хөтөлбөрөө дуустал АНУ-д хугацаа хязгаарлалтгүйгээр байх эрхтэй байсан бол шинэ журам хэрэгжсэнээр гадаад оюутан болон солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэний тухайн улсад байх хугацаа нь хөтөлбөрийн дуусах хугацаа эсвэл дээд тал нь 4 жил (аль богино)-ээр хязгаарлагдана.
Харин хөтөлбөр нь дууссаны дараа АНУ-ыг орхин гарах хугацааг F-1 визтэй оюутнуудын хувьд өмнө нь 60 хоног байсан бол 30 хоног болон багасчээ.
Шинэ журам хэрэгжиж эхэлмэгц хуучин хүчин төгөлдөр, дээрх ангиллын визтэй иргэдэд хугацааны хязгаарлалтууд үйлчилж эхэлнэ. Тухайлбал, бакалаврын хөтөлбөр нь дуусахад 3 жил үлдсэн оюутан дээрх хугацааны хязгаарлалтад орж, хөтөлбөр нь дуусах хугацаа дээр нэмэх нь 30 хоногийн хугацаатай байхаар зохицуулагдана.
Түүнчлэн, АНУ-д байх хугацаагаа сунгах хүсэлт гаргах бүртээ хүрээнд гадаад оюутан (F виз), солилцооны хөтөлбөрөөр ирэх гадаадын иргэн (J виз), олон улсын хэвлэл мэдээллийн ажилтан (I виз) дор хаяж 420 ам.долларын хураамж төлөх юм.
Шинэ журмаар бакалаврын зэрэгт суралцаж буй гадаад оюутнууд эхний жилдээ мэргэжлээ эсвэл сургуулиа солихыг хориглох бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яамнаас (DHS) "онцгой нөхцөл байдал" (байгалийн гамшиг эсвэл сургууль хаагдах гэх мэт маш ховор тохиолдол) гэж үзсэн тохиолдолд л сургууль, мэргэжлээ солих боломжтой.
Түүгээр ч зогсохгүй, сургуулиа төгссөн оюутнууд ижил түвшний өөр зэрэг горилох зорилгоор АНУ-д үлдэхийг хориглох аж. Жишээлбэл, бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалсан оюутан математикийн чиглэлээр дахин бакалаврын зэрэг горилохоор үлдэж чадахгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний буюу магистраар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд л АНУ-д үлдэх боломжтой болно.
Эх сурвалж: www.americanimmigrationcouncil.org
Шинэ Зеланд дүрвэгсдийн баримт бичиг олгох явцыг хөнгөвчилнө
Цагаачлалын алба Дүрвэгсдийн квот хөтөлбөрөөр Шинэ Зеланд улсад ирж буй тодорхой шаардлага хангасан дүрвэгсдэд энэ оны 07 дугаар сараас эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрвэгчийн аяллын баримт бичиг авахад нь дэмжлэг үзүүлж эхлэхээр болжээ.
Дүрвэгсдийн квот хөтөлбөрөөр Шинэ Зеландад ирж буй, хүчин төгөлдөр аяллын баримт бичиггүй хүмүүст Шинэ Зеландад аюулгүй зорчих боломжийг олгох зорилгоор одоогоор Шинэ Зеландын Цагаачлалын албанаас үнэмлэх олгож байгаа аж.
Долоодугаар сараас эхлэн Дүрвэгсдийн квот хөтөлбөрөөр ирсэн, 16 болон түүнээс дээш насны, тодорхой шаардлага хангасан дүрвэгсэд Шинэ Зеландад ирснийхээ дараа аяллын баримт бичиг (Refugee Travel Document) авах хүсэлт гаргах ба хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дүрвэгчийн аяллын баримт бичгийг хилийн чанадад олгох боломжгүй тул хүчин төгөлдөр аяллын баримт бичиггүй иргэд Шинэ Зеланд руу анх удаа зорчих тохиолдолд Цагаачлалын албанаас олгосон үнэмлэхийг ашиглана.
Дүрвэгчийн аяллын баримт бичиг нь Дотоод хэргийн яамнаас олгодог, паспорттой адилтгах баримт бичиг бөгөөд олон улсад зорчиход ашиглана. Энэхүү өөрчлөлт нь хуучин дүрвэгсдэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн аяллын баримт бичигтэй болох, Шинэ Зеландад суурьшихад нь туслах, мөн олон улсад зорчих, үйлчилгээ авах явцыг хялбаршуулах ач холбогдолтой юм.
Шинэ Зеланд нь 1960 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид нэгдэн орж байсан түүхтэй бөгөөд Дүрвэгсдийн квот хөтөлбөрөөр жилд 1,500 орчим дүрвэх хүсэлтийг хүлээн авдаг байна.
Эх сурвалж: www.immigration.govt.nz
Канад “PGP” хөтөлбөрөө түр зогсоолоо
Канадын Цагаачлал, дүрвэгсэд, иргэний харьяаллын газраас 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “PGP” буюу эцэг, эх, өвөө, эмээд хөнгөвчилсөн нөхцөлөөр виз олгох хөтөлбөрийг түр зогсоож буйгаа мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөр нь канадын иргэн, тус улсад байнгын оршин суугч гадаадын иргэд тодорхой шаардлага хангасан тохиолдолд эцэг эх, өвөө эмээгээ Канадын байнгын оршин суугч болгохоор урих боломжтой зохицуулалт юм.
Одоогийн байдлаар тодорхойгүй хугацаанд “PGP” хөтөлбөрт шинэ хүсэлт хүлээн авахгүй, өмнө нь хүсэлтээ өгсөн ч урилга авч чадаагүй хүмүүс мөн шинээр хүсэлт өгөх боломжгүй байна. Харин түр зогсоохоос өмнө хүсэлтээ өгсөн байсан иргэдийн хувьд тэдгээрийн хүсэлтийг зохих журмын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ.
Канадын Засгийн газар 2026 онд уг хөтөлбөрөөр дамжуулан 15,000 хүртэлх гадаадын иргэдэд байнгын оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн бөгөөд 2026-2025 оны Цагаачлалын төлөвлөгөөнд тийнхүү тусгагдсан байна. Канадын Засгийн газрын мэдээлснээр уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй гадаадын иргэдийн тоо жил бүр заасан квотоос давдаг тул ирсэн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх, хүлээлт үүсгэхээс сэргийлэн ийнхүү зогсоож байгаа аж.
Эх сурвалж: www.canada.ca