Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Даян дэлхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” БНХАУ-ын Ляньюньган хотноо зохион байгуулагдаж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд, Үндэсний цагаачлалын удирдах газрын дарга, ноён Ван Жижуны урилгаар “Даян дэлхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын “Цагаачлалын удирдлагын хамтын ажиллагааны дэд форум”-д оролцлоо.

БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус дэд форумын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын дарга Ван Жижунтай уулзлаа. Уулзалтаар хоёр орны иргэдийн хууль ёсны бөгөөд аюулгүй зорчих хөдөлгөөнийг хангах, эрх ашгийг нь хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцав. Мөн гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хялбаршуулах, цахим гарц ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн есдүгээр сарын 10-ны өдөр “Гадаадын иргэнд зориулсан ухаалаг дижитал үйлчилгээ ба удирдлага” сэдвээр явагдсан хэлэлцүүлэгт оролцож, улс орнуудын цагаачлал, шилжилт хөдөлгөөний талбарт санаачлан хэрэгжүүлж буй сайн туршлага, шинэлэг арга хэмжээтэй танилцав.

“Даян дэлхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ удаагийн форумд 139 улс, бүс нутаг болон олон улсын байгууллагын 2,100 гаруй төлөөлөгч оролцсон юм.