Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх өнөөдөр /2026.09.29/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурвэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, иргэдийн зорчих хөдөлгөөн, визийн асуудал болон хоёр улсын цагаачлалын байгууллага хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хүрээнд хамтын ажиллагааг идэвхижүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах, туршлага хуваалцах чиглэлээр санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Улаанбаатар–Шинэ Дели чиглэлд 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс шууд нислэг үйлдэж эхэлсэн баяртай мэдээг талууд онцолж, энэ нь хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, аялал жуулчлал болон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгосон юм.
Мөн уулзалтаар хоёр орны “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д тусгагдсан зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэдэд “Visa on Arrival” буюу хил дээр виз олгох асуудлыг хөндөж, энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид мэдээллийн технологи, хүний нөөц, англи хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Цаашид уг хөтөлбөрт хамрагдах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцсэн тусгайлсан сургалт зохион байгуулах талаар ярилцав.