Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газар үе үеийн ахмад алба хаагчдадаа өнөөдөр (2026.10.06) хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын байгууллагаас гавьяаны амралтад гарсан 20 гаруй ахмад албан хаагчид хүрэлцэн ирсэн бөгөөд байгууллагын дарга Б.Энхсүх, Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ганбаатар нар хүлээн авч, уулзсан юм.

Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх байгууллагын үндэс суурийг тавилцаж, түүхэн замнал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа талархал илэрхийлж, тэдний хөдөлмөр зүтгэл, мэдлэг, туршлага нь байгууллагын өнөөгийн хөгжлийн бат суурь болж ирснийг онцоллоо. Мөн “Цаашид та бүхний бүтээсэн үнэт зүйл, өв уламжлалыг алдагдуулахгүй, цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж авч явахын төлөө хичээн ажиллах болно. Та бүхний арвин туршлагаас суралцаж, үнэтэй зөвлөгөө, санал бодлыг тань сонсоход бид үргэлж нээлттэй байх болно” гэв.

Мөн энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга асан, Цагдаагийн хурандаа Д.Мөрөн “Гадаадын иргэн, харьяатын албаны түүхэн товчоон”,  ГИАЭЗ-ийн Нарийн бичгийн дарга асан, Ахмадын зөвлөлийн дарга М.Батчулуун “Монгол дахь цагаачлалын товч түүх (XX зуун)”  номын дээжээс гардуулсан юм.

Ахмадын зөвлөлийн дарга М.Батчулуун ахмадуудаа төлөөлөн хэлсэн үгэндээ “Аливаа зүйл өнгөрсөнгүйгээр өнөөдөр, өнөөдөргүйгээр маргааш байхгүй гэдэг жамтай. Хаанаас хаа хүрэв, юунаас юунд очив гэдэг түүхээ мэдэж, мэдүүлж, юун дээр алдав, юуг хожив гэдгээ хойч үеийнхэн мэдэх учиртай юм.  Иймд  байгууллага маань түүхэн цаг үе бүрийн гадаад, дотоод нөхцөл байдалтай уялдуулан гадаадын иргэдийн талаар явуулж байсан бодлого, хууль, дүрэм, түүний хэрэгжилт зэргийг нарийн судалж уламжлан авахаа авч, өнөөгийн цаг үетэй зохицуулах зүйлээ зохицуулж  явах хэрэгтэй” хэмээн тодотгов.

Ийнхүү Гадаадын иргэн, харьяатын албаны түүхийг бүтээлцэж, залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд өөрсдийн ажиллаж байсан үеийн түүх, туршлагаа хуваалцсан дурсамж, хүндэтгэл дүүрэн уулзалт болж өндөрлөлөө.