Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх оролцлоо.
Хамтарсан хорооны Х хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж оролцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбар дахь хамтын ажиллагаа, иргэдийн харилцан зорчих, оршин суухтай холбоотой өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид хоёр улсын иргэд харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөлдөх механизмын талаар санал солилцов. Мөн Солонгосын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг Монгол Улсын иргэдэд цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлж буйг албан ёсоор мэдээлэв.
Түүнчлэн Хамтарсан хорооны Х хуралдааны хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яам, түүний харьяа Цагаачлалын газрын удирдлагуудтай уулзалт хийн, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, улмаар иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шуурхай зөвшилцөж, шийдвэрлэх “Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ” (Immigration dialogue)-ний механизмыг эхлүүлэхээр тохиролцсон билээ.