Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ГИХГ, АЕГ-ын албан хаагчдын орон сууцны барилга угсралтын гэрээ байгууллаа

“Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдыг орон сууцанд хамруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) болон Архивын ерөнхий газар (АЕГ)-ын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор “Гадаадын иргэн, харьяатын газар болон Архивын ерөнхий газрын албан хаагчдын 210 айлын орон сууц”-ны төслийг эхлүүлээд буй.

Тэгвэл 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэл, “Буянт шарга констракшн” ХХК-ийн захирал Н.Болдбагана нар барилга угсралтын гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллага нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв газарт нийт 2 блок, 16 давхар, 210 айлын орон сууц болон үйлчилгээний төв бүхий барилгыг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахаар тусгажээ.

Ийнхүү төсөл хэрэгжсэнээр хоёр байгууллагын албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулах боломж бүрдэж, тэдний амьдрах орчин, нөхцөл сайжрахын зэрэгцээ нийгмийн баталгаа бодитоор  хангагдах чухал алхам болж байна.